Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн санаачилгаар Хилийн чанад дахь Монгол Оюутан, Залуучуудын 6-р чуулга уулзалт MSYOC-2025 Турк улсын Истанбул хотноо амжилттай болж өнгөрлөө.

Дэлхийн 4 тивийн 24 орноос 230 гаруй монгол оюутан, залуучууд хуран чуулж "Дэлхийд хүрэх Монгол Оюун" уриан дор уулзаж, Монгол оюуныг дэлхийд хүргэх тал дээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтын нэг онцлог нь Монгол Улсдаа шинэлэг санааг ажил хэрэг болгох #NextGen төслийн уралдаан байлаа. Тус уралдаанд 19 төсөл ирснээс 9 төсөл дараах шатны шалгаруулалтад шалгарч, төслийнхөө талаар илтгэлээ биечлэн тавьж өрсөлдсөн нь тус чуулга уулзалтыг улам сонирхолтой болголоо.

Нэгдүгээр байр: Унгар улсын Eötvös Loránd, Óbuda University их сургуулиудын оюутан Б.Ган-Эрдэнэ, Г.Шагдарсүрэн, Д.Түмэндэмбэрэл нарын “Edulink Mongolia” төсөл шалгарлаа.

Хоёрдугаар байр: Турк улсын Истанбулийн Их сургуулийн оюутан Т.Энхтөрийн “Khuvaaltsay” төсөл

Гуравдугаар байр: ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний сургуулийн оюутан Ц.Цэцгээгийн “Яндангүй гэр” төсөл тус тус орж мөнгөн шагнал гардсан.

Новость.jpgNextGen тэмцээний ихэнх төслүүдийн санаачилга нь технологид чиглэсэн бөгөөд Монголын дижитал болон технологийн хөгжлийг дэмжих зорилготой байв. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хэд хэдэн ногоон төслүүд байв.

Залуус төслийн санаагаа маш их бодож, улс орныхоо хөгжлийн асуудлуудыг шийдэхэд чиглүүлсэн байлаа. Тухайлбал, “Яндангүй гэр” төслөөр нийслэлийн утааны асуудлыг шийдэх байв.

Ерөнхий шүүгчээр АНУ-ын Glacier банкны зээлийн хяналтын шинжээч Б.Ариунсанаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Их Британийн Лондон Соут Банк их сургуулийн бизнесийн сургуулийн ахлах багш, MBA хөтөлбөрийн захирал М.Саранзаяа, Mongolian Economy сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр нар ажилласан болно.

ПТС тэнхимийн аспирант Цэрэндорж Цэцгээд амжилттай оролцсонд баяр хүргэе!