2024 оны 11 дүгээр сарын 7-нд Үндэсний
Судалгааны Их Сургууль «МЭИ» -ийг Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонгоор
шагнах ёслолын арга хэмжээ боллоо.
Уг арга
хэмжээний хүндэт зочдын дунд Монгол Улсын Орос дахь Онцгой болон Бүрэн эрхт
Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин, ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны
атташе Ононгийн Чинбаяр нар оролцлоо.
Ёслолын
үеэр О.Чинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн
зарлигаар Үндэсний Судалгааны Их Сургууль «МЭИ» нь эрчим хүчний салбарын
ажилтнуудыг хөгжүүлж, бэлтгэхэд оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж одон
гардуулсан тухай зарлигийг танилцууллаа. О.Чинбаяр хэлсэн үгэндээ Орос,
Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай
өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд тус их сургууль нь үнэлж баршгүй
хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
“МЭИ
-ийн төгсөгчид эрчим хүч, цахилгаан техник, радио техник, электроник,
мэдээллийн технологи зэрэг эрчим хүчний чухал салбаруудад үр дүнтэй ажиллаж,
Монголын эрчим хүчний салбарт онцгой ач холбогдолтой дэд бүтэц, инновацийн
технологийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна” гэж О.Чинбаяр нэмж хэллээ.
МЭИ-ийн
ректор Монгол улстай олон жил амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлж,
их сургууль нь Монголын их сургуулиудтай, ялангуяа Монголын Улсын Шинжлэх Ухаан
Технологийн Их Сургуультай эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны бат бөх
холбоог өндөр үнэлж байгаа тухай хэллээ.
МЭИ-ийн
хүндэт профессоруудын дунд ШУТИС-д ректороор ажиллаж байсан Баатарын Очирбат,
техникийн шинжлэх ухааны доктор, профессор Содовын Батхуяг зэрэг шинжлэх ухаан, боловсролын солилцоог
хөгжүүлэх үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулсан ШУТИС-ийн нэр хүндтэй
төлөөлөгчидийг онцолжээ.
Монгол
улсын ОХУ дахь онцгой болон бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин нь хэлсэн үгэндээ
боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд МЭИ-г
шагнах нь чухал болохыг онцолж, Монгол, Орос хоёрын харилцааг цаашид бэхжүүлнэ
гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үндэсний
Судалгааны Их Сургууль «МЭИ» -ийн ректор нь 2016 оноос ШУТИС-ийн хүндэт
профессор, Оросын талын Орос-Монгол Техникийн Их Сургуулиудын Консорциумын
Зөвлөлийн даргаар хамтран ажиллаж байна. Николай Рогалевын идэвхтэй
дэмжлэгтэйгээр 2018 онд МЭИ-д Орос-Монголын эрчим хүчний дижитал технологийн
төв нээлтээ хийсэн. Үүнээс гадна 2022 онд МЭИ-ийн ректор Монголын төрийн дээд
шагнал болох «Алтан гадас» («Полярная звезда») шагналыг хүртсэн нь
Орос-Монголын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч
байгааг харуулж байна.
Одоогоор
МЭИ-д Монгол улсын оюутнууд болон аспирантууд суралцаж байгаа бөгөөд их дээд
сургуулийн төгсөгчдийн мэдээллийн санг бий болгох ажил явагдаж байна. Монголын
Эрчим хүчний яам болон эрчим хүчний компаниудтай хамтран тодорхой салбар,
түвшинд шаардлагатай мэргэжилтнүүдийн жагсаалтыг боловсруулж байна. Эдгээр
оюутнуудыг 2030 он хүртэл жил бүр МЭИ-д суралцахаар илгээх болно.